Швед улсад орогнол хүсч буй таны анхааралд

Till dig som söker asyl i Sverige – mongoliska

Таны орогнолын өргөдлийг шийдэх газар бол Цагаачлалын алба юм. Шведэд хэн орогнол авах боломжтой тухай дүрэм журам НҮБ-ын дүрвэгсдийн конвенц, ЕХ-ны нийтлэг журам, мөн Шведийн хуульд бий. Энэхүү мэдээллийн хуудас нь таны орогнолын өргөдөл Цагаачлалын албанд ямар үйл явцтай шийдэгдэх тухай болон та Шведэд орогнол хүсэгчийн хувьд ямар эрх, үүрэгтэй талаар товч мэдээлэл өгнө. Танд яваандаа илүү их мэдээлэл авах, мөн асуулт асуух боломжтой олгогдоно.

Орогнолын дүрмүүд

Шведэд Цагаачлалын алба орогнолын бүх өргөдлүүдийг тэр тус бүрт нь судладаг. Швед улс дүрвэгч эсвэл өөр шалтгааны улмаас хамгаалал шаардлагатай танд оршин суух зөвшөөрөл өгөх ёстой.

Дүрвэгч

НҮБ-ын дүрвэгсдийн конвенц болон Шведийн хуулийн дагуу хэрвээ та дараах шалтгаанаар мөшгилтөөс бүрэн үндэслэлтэй айж байгаа бол та дүрвэгч мөн

  • арьс өнгө
  • яс үндэс
  • шашин шүтлэгийн эсвэл улс төрийн үзэл бодол
  • хүйс
  • бэлгийн чиг баримжаа
  • нийгмийн тодорхой бүлэгт хамаардаг.

Мөшгилт таны эх орны эрх бүхий байгууллагаас гаралтай байж болно. Эсвэл эрх бүхий байгууллагууд таныг аль нэгэн хувь хүн эсвэл бүлэг хүмүүсийн зүгээс гарах мөшгилтөөс хамгаалж чадахгүй эсвэл хүсэхгүй байж ч бас болно.

Дүрвэгчийн статус авсан хүн голдуу гурван жилийн оршин суух зөвшөөрөл авна. (2015 оны 11-р сарын 24-нөөс өмнө орогнол хүссэн зарим хүмүүс байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой).

Дэд ангиллын хамгаалал шаардлагатай хүн

Шведийн хуулийн дагуу та дараах нөхцөлд дэд ангиллын хамгаалал шаардлагатай хүн мөн

  • цаазаар авах ял авах эрсдэлтэй
  • бие махбодийн шийтгэл, тамлал эсвэл өөр ямар нэгэн хүнлэг бус доромжилсон харьцаа эсвэл шийтгэлд өртөх эрсдэлтэй
  • цэргийн бус хүний хувьд зэвсэгт мөргөлдөөний улмаас шархдаж гэмтэх ноцтой эрсдэлтэй.

Дэд ангиллын хамгаалал шаардлагатай хүний статус авсан хүн голдуу 13 сарын оршин суух зөвшөөрөл авна. (2015 оны 11-р сарын 24-нөөс өмнө орогнол хүссэн зарим хүмүүс байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой.)

Орогнолын өргөдөл гаргах

Шведэд орогнолын өргөдөл гаргахын тулд та Цагаачлалын албанд өөрийн биеэр ирэх ёстой. Өргөдөл гаргах нэгж таны орогнолын өргөдлийг хүлээн авч, бүртгэнэ.

Та зургаа авахуулж, хурууны хээгээ үлдээх шаардлагатай. Хурууны хээг таныг Европын аль нэгэн өөр улсад орогнол хүссэн эсэхийг харахын тулд ашигладаг.

Та асуудал хариуцсан ажилтантай уулзаж, тэр хүн танаас орчуулагчийн тусламжтайгаар таныг хэн болох, яагаад эх орноо орхисон, мөн Швед рүү ирэхдээ яаж явж ирсэн тухай асуулт асууна. Танаас мөн таны гэр бүлийн байдал болон эрүүл мэндийн тухай асуулт асууна. Бид таны өргөдлийг судлахад бэлтгэхийн тулд ингэдэг. Та дараагийн удаа болох орогнолын ярилцлага дээр өөрийн орогнолын шалтгааны талаар илүү их асуултад хариулна.

Хэрэв танд тусгай хэрэгцээ бий бол, энэ нь жишээ нь, таны бие бялдар, сэтгэл мэдрэл эсвэл оюун ухааны чадвар багассан, өөрөөр хэлбэл, чадамжийн бууралтай бол та энэ тухайгаа Цагаачлалын албанд хэлэх хэрэгтэй. Хэрэв та орогнолын өргөдөл гаргах үедээ Цагаачлалын албатай харьцахад таны чадамжийн буурал хүндрэл учруулж байвал та тусламж авах эрхтэй.

Өргөдөл гаргах нэгж танд орогнолын асуудал шийдүүлэх үйл явцын тухай мэдээлэл олгож, асуулт тавих боломж олгоно. Таны орогнолын өргөдлийг бүртгэсний дараа танд орогнолын өргөдлийн түр зуурын баримт болгож квитанц өгнө. Та энэ баримт квитанцыг таныг орогнол хүсэгч гэдгийг харуулах LMA-карт автлаа хадгалах хэрэгтэй.

Та хэн бэ гэдгээ ярина уу

Цагаачлалын алба таныг орогнол авах эрхтэй хүн мөн эсэхийг дүгнэхийн тулд, та тус албанд өөрийгээ хэн болох, хаанаас ирсэнийг харуулах ёстой. Үүнийг харуулах хамгийн сайн арга бол та орогнолын өргөдөл гаргах үедээ паспорт эсвэл иргэний үнэмлэхээ өгөх явдал юм. Тус бичиг баримт нь таны эх орны эрх мэдлийн байгууллага гаргасан, таны фото зурагтай тийм бичиг баримт байх ёстой. Таны бичиг баримт таны нэр, иргэний харьяалал, төрсөн огноог харуулах ёстой.

Өөрийгөө хэн болохыг харуулах бичиг баримт гаргах нь таны үүрэг юм. Та орогнол хүсч Цагаачлалын албан дээр ирэхдээ ямар нэгэн бичиг баримтгүй бол хэрэг хариуцсан ажилтан таныг бичиг баримтаа аль болох хурдан өгч, өргөдлөө бүрэн болгохыг хүснэ.

Хэрэв танд бичиг баримтаа олох нь хэцүү байвал, та оролдож байгаа гэдгээ Цагаачлалын албанд харуулах хэрэгтэй. Хэрэв танд өөрийгөө хэн болохыг харуулах ямар нэгэн өөр бичиг баримт, тухайлбал жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, иргэний харьяаллын тодорхойлолт эсвэл цэргийн үнэмлэх байгаа бол та эдгээрийг өгөх хэрэгтэй. Ийм бичиг баримт нь тус бүрдээ таныг хэн болохыг нотлохгүй ч, таны намтар, эх орныхоо талаар ярьсан түүхийн хамт таныг хэн болохыг үнэмшилтэй болгоход нэмэртэй.

Хэрэв та өөрийгөө хэн болохыг харуулахад хамтарч ажиллавал, та ихэвчлэн шийдвэр хүлээх хугацаандаа ажиллах эрх авна.

Таны орогнолын өргөдлийг аль улс шийдэхийг та сонгож чадахгүй (Дублины журам)

Та орогнолын өргөдлөө гаргасны дараа Цагаачлалын алба таны орогнолын өргөдлийг Швед улс шийдэх ёстой юу эсвэл аль нэгэн өөр Европын Холбооны (ЕХ) улс шийдэх ёстой юу гэдгийг судлаж эхэлдэг. Хэрэв та аль нэгэн өөр ЕХ-ны улсад виз, зарим нэг төрлийн оршин суух зөвшөөрөл авсан эсвэл Шведэд ирэх замдаа тэнд орогнол хүссэн бол, магадгүй та тэр улс руу буцах ёстой болно. Эдгээр дүрмүүд Дублины журамд бий. Та энэ тухай "Би ЕХ-нд орогнол хүссэн – миний өргөдлийг аль улс шийдэх вэ?" гэсэн мэдээллийн хуудасд дэлгэрэнгүй уншиж болно. (Товхимол нь бүх хэл дээр байхгүй.)

Та хүлээх хугацаандаа

Хэрэв таны орогнолын өргөдлийг Швед улс шийдэх бол та шийдвэр хүлээх хугацаандаа энд байж болно. Энэ хугацаанд та Цагаачлалын албын Хүлээн авах нэгжийн нэгтэй нь харьцах болно. Хүлээн авах нэгжийн ажилтнууд таны орогнол авах эсэх асуудлыг шийдэхгүй. Хүлээн авах нэгж танд эдийн засаг, байр гэх мэт өдөр тутмын асуудлаар туслана. Мөн Хүлээн авах нэгж таны шийдвэрийг гарсаы дараа тантай холбоо барьж, шийдвэр таны хувьд ямар ач холбогдолтой, мөн та юу хийх ёстой талаар мэдээлэл өгнө.

Чухал мэдээлэл

Хүлээн авах нэгж таныг бүлгээр мэдээлэл өгөх уулзалтад дуудна. Уулзалт дээр та орогнол хүсэгчийн хувьд мэдүүштэй зүйлийн тухай тустай мэдээлэл авна. Энэ нь жишээ нь байр, эдийн засаг, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээний тухай байж болно. Та хууль журам, бусад эрх бүхий байгууллага, мөн нь орогнол хүсэгчдэд тусладаг байгууллагуудын тухай мэдээлэл авна. Энэ мэдээлэл бол та шийдвэр хүлээх хугацаандаа мэдэх шаардлагатай танд ашигтай чухал мэдээлэл юм.

Та Өргөдөл гаргах нэгж, Хүлээн авах нэгжийн аль аль дээр нь маш их мэдээлэл авна. Энэ нь заримдаа та хэтэрхий их мэдээллийг нэг дор авч байгаа юм шиг санагдуулна. Та хүлээн авсан цааснуудаа хадгалах хэрэгтэй, ингэснээр та сүүлд хэрэгтэй үедээ мэдээллийг дахин унших эсвэл дараагийн удаа асуудал хариуцсан ажилтантай уулзахад асуулт асуухад нэмэр болно.

Хэрэв та Цагаачлалын албаны байранд байгаа бол заримдаа тэнд ажилладаг эсвэл тэнд очсон Цагаачлалын албаны ажилтнуудтай уулзана. Тэр ажилтнууд таны орогнолын өргөдлийн талаар тодорхой асуултанд хариулж чадахгүй ч, таны хайж байгаа ямар нэгэн мэдээллийг олоход тань туслаж чадна.

Орогнолын ярилцлага хүлээх

Та орогнолын ярилцлагад очтол удаан хүлээж магадгүй. Хүлээх хугацаа хүнээс хүнд өөр байж болно.

Орогнолын ярилцлагын үед та яагаад Шведэд орогнол хүсч байгаа, танд юу тохиолдсон, та эх орондоо буцвал юу тохиолдож болох талаар дэлгэрэнгүй ярих шаардлагатай.

Та шийдвэр гарах хүртэл хэд хэдэн уулзалтад дуудагдаж болно. Та Цагаачлалын албын танд захиалсан цагууд дээр ирээрэй. Шинэ цагууд дутагдалтай байдаг, тиймд бид хэрвээ танд шинэ цаг захиалбал та шийдвэр гарахыг улам удаан хүлээх болно.

Та хаягаа мэдэгдэнэ үү

Хэрэв та шийдвэр хүлээх хугацаандаа өөр хаяг руу нүүвэл шинэ хаягаа Цагаачлалын албанд мэдэгдэх ёстой, ингэснээр бид таны ярилцлага эсвэл ямар нэгэн өөр уулзалтын цаг болохоор тантай холбоо барих боломжтой болно. Та захидлуудаа тогтмол уншиж, Цагаачлалын албаны мэдээллийг өнгөрөөхгүй байх хэрэгтэй.

ЛМА-карт

Та Шведэд орогнолын өргөдөл гаргах үед танд өргөдлийн баримт болгож нэгэн квитанц өгнө. Тус квитанц баримт дээр таны Цагаачлалын албатай холбогдохдоо хэлэх ёстой дугаар бий. Тэр дугаарын тусламжтайгаар асуудал хариуцсан ажилтан таны тухай мэдээллийг олоход илүү амархан болно. Та өргөдөл гаргаснаас хойш нэг орчим долоо хоногийн хугацааны дараа Хүлээн авах нэгж дээрээс нэгэн карт хүлээн авна. Картыг ЛМА-карт гэх ба карт нь өмнөх баримт квитанцыг орлоно.

Та ЛМА-картыг үргэлж биедээ авч явж, өөрийгөө орогнол хүсэгч гэдгийг мөн шийдвэр хүлээх хугацаандаа Шведэд байх эрхтэй гэдгийг шаардлагатай үед харуулах боломжтой. Та эмнэлэгт үзүүлэхдээ картыг биедээ авч явж, картыг үзүүлснээр өөрийн авах эрхтэй эмнэлгийн үйлчилгээг бага төлбөрөөр авах боломжтой.

Байр

Та байраа эсвэл өөрөө зохицуулах эсвэл Цагаачлалын албын байранд амьдарч болно. Хэрэв та өөрийн мөнгөтэй бол Цагаачлалын албын байрны төлбөрийг төлөх шаардлагатай. Хэрэв та байраа өөрөө зохицуулах бол түрээсийн төлбөрөө өөрөө төлнө.

Хэрэв та Цагаачлалын албын байранд орвол, та орон нутгийг сонгож болохгүйгээс гадна хүлээх хугацаандаа шилжих ёстой болж ч магадгүйг санах хэрэгтэй. Та байраа өөрөө зохицуулж байгаа бол Цагаачлалын албанд хаягаа мэдэгдэхээ бүү мартаарай.

Та ямар нэгэн тусгай хэрэгцээтэй бол тусгайлан зохицсон байр авах эрхтэй. Энэ нь та жишээ нь ямар нэгэн чадамжийн багасалтай, биеийн болон сэтгэл мэдрэлийн өвчинтэй, ЛГБТ-хүн (лесби, гей, бисекс, трансжендер), жирэмсэн эсвэл өндөр настан бол танд хамаатай. Та өөрийн хэрэгцээний талаар Цагаачлалын албатай аль болох түргэн ярилцаарай, ингэснээр бид танд найдвартай санагдах байрны шийдлийг олохын тулд чадах бүхнээ хийнэ.

Байранд байгаа бүх хүмүүс бие биенээ хүндэтгэж, шашин шүтлэг, соёл, бэлгийн чиг баримжааг харилцан хүндэтгэн хандах нь чухал юм. Та байранд байхдаа баталгаагүй санагдаж байвал Цагаачлалын албанд хандах хэрэгтэй.

Эрүүл мэнд ба эмнэлгийн үйлчилгээ

Орогнол хүсэгч та яаралтай эмнэлгийн тусламж, яаралтай шүдний эмчилгээ болон хойшлуулашгүй эмчилгээ авах эрхтэй. Таныг ямар тусламж авах боломжтойг эмнэлэг шийднэ. Та ЛМА-картаа харуулбал, та эмнэлэгт үзүүлэхэд эсвэл зарим эм авах үед хөнгөвчилсөн хураамж төлнө. 18-аас доош насны орогнол хүсэгч хүүхэд ба өсвөр үеийнхэн Швед улсад амьдарч байгаа хүүхэд ба өсвөр үеийнхэнтэй адил хэмжээнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээг авах эрхтэй.

Бүх орогнол хүсэгчид эрүүл мэндийн төв дээр үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт дуудагдана. Эрүүл мэндийн үзлэг нь таны орогнолын өргөдөлд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Үзлэг нь таны төлөө бөгөөд та тусламж авах хэрэгтэй бол танд үүнийг эрт авах боломж олгоно. Эрүүл мэндийн үзлэгийн үед та эрүүл мэндийн асуудлаараа зөвлөгөө авах, шинжилгээ хийлгүүлэх, мөн Шведийн эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний тухай мэдээлэл авах боломжтой. Та ямар нэгэн чадамжийн багасал, өвчин эсвэл өөр зовиур, асуудалтай бөгөөд танд тусгай эмчилгээ шаардлагатай бол эмнэлгийн ажилтнуудад энэ тухай яриарай.

Эмнэлгийн ажилтнууд Цагаачлалын албанд ажилдаггүй бөгөөд нууцлалын үүрэгтэй ажиллана.

Ажил

Орогнол хүсэгчийн хувьд та дараах нөхцөлд ажлын зөвшөөрөлгүйгээр Шведэд ажиллах боломжтой:

  • таны өргөдөл Шведэд шийдэгдэх болсон
  • та өөрийн хэн болохыг тодруулахад хамтарч ажиллаж байгаа
  • таныөргөдөл илт үндэслэлгүйгэжтооцогдоогүй.

Хэрэв та эдгээр шаардлагыг бүрдүүлж байгаа бол та ажиллах эрхтэй. Та ажиллах эрхтэй бол таны ЛМА-картын 7-р зүйлийн дор ”ажлын зөвшөөрөлтэй байх үүргээс чөлөөлөх тухай баримт (AT-UND)” гэсэн бичээс бий.

Хэрэв та ажил хийж байгаад орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авсан бол, таныг улсаас явталаа эсвэл улсаас явах асуудлаараа хамтарч ажиллаж байгаа нөхцөлд үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрнө. Хэрэв та оршин суух зөвшөөрөл авбал үргэлжлүүлэн ажиллаж болно гэсэн үг.

Та Хөдөлмөр зуучлалын албатай (http://www.arbetsformedlingen.seexternal link, opens in new window) холбогдож сул ажлын байр хайж болно.

Эдийн засгийн дэмжлэг

Та ажиллах боломжгүй эсвэл өөрийн гэсэн мөнгөгүй бол өдрийн тэтгэлгийн өргөдөл гаргаж болно. Цагаачлалын албаас авах мөнгө нь хүнс, хувцас, хувийн хэрэгцээнд зарцуулахад хүрэх шаардлагатай. Хэрэв та Цагаачлалын албаас тэтгэлэг авч байгаа бол, хэрвээ таны эдийн засаг өөрчлөгдвөл жишээ нь, та ажилд орсон эсвэл байраа соливол энэ тухай Цагаачлалын албанд хэлэх нь чухал юм. Хаяг өөрчлөгдвөл таны өдрийн тэтгэлгийн түвшин өөрчлөгдөж магадгүй юм. Энэ талаар буруу мэдээлэл өгөх эсвэл ямар нэгэн мэдээлэл орхигдуулах нь гэмт хэрэг болох учраас Цагаачлалын алба үүнийг цагдаад мэдэгдэх магадлалтай юм.

Сургууль

Бүх орогнол хүсэгч хүүхэд ба өсвөр үеийнхэн цэцэрлэг, сургуульд явах эрхтэй. Таны амьдарч буй сум дүүргийн захиргаа нь бүх орогнол хүсэгч хүүхэд ба өсвөр үеийнхэнд тус сум дүүрэгт амьдарч байгаа бусад хүмүүстэй адил нөхцөлөөр цэцэрлэг, сургуульд орон тоо санал болгохыг хариуцна. Тиймд та үүнийг хөнгөвчлөхийн тулд, Цагаачлалын албыг сум дүүргийн захиргаанд таны хүүхдийн нэр, төрсөн огноо, хэл, аль улсаас ирсэн болон хэргийн бүртгэлийн дугаарын мэдээллийг өгөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Та бас өөрөө сум дүүргийн захиргаатай холбоо барьж, хүүхдүүдээ сургууль эсвэл цэцэрлэгт явуулахыг хүсч байгаагаа хэлж болно.

Насанд хүрсэн хүн та Шведэд оршин суух зөвшөөрөл авсан нөхцөлд SFI- д (гадаадаас ирсэн хүний швед хэлний сургалт) хамрагдаж болно. Хэрвээ та шийдвэр хүлээх хугацаандаа швед хэл сурахыг хүсч байгаа бол зарим швед хэлний дугуйлан ажиллуулдаг төрийн бус байгууллага болон сургалтын холбоонуудад хандаж болно. Та өөрийн амьдарч буй газар дэвсгэр дээр швед хэл сурах ямар боломж байгаа талаар Хүлээн авах нэгжээс асуугаарай.

Төрийн бус байгууллагууд

Олон газар дэвсгэрт төрийн бус байгууллага, сургалтын холбоонууд ба сүмүүд жишээ нь орогнол хүсэгчдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Цагаачлалын албын ажилтнууд таны амьдарч буй нутаг дэвсгэр дээр байгаа ийм байгууллагуудын талаар мэдээлэл өгч чадна. Нутаг дэвсгэр жижиг бол ийм бүх байгууллага байхгүй. Та тодорхой чиглэлийн байгууллагатай холбоо барихыг хүсвэл Хүлээн авах нэгжээс асууна уу.

Орогнолын ярилцлага

Орогнолын ярилцлага дээр та бидэнд орчуулагчийн тусламжтайгаар өөрийн орогнолын, өөрөөр хэлбэл яагаад Шведэд хамгаалал хүсч байгаа шалтгааны талаар илүү тодорхой ярих боломж гарна. Та яагаад эх орноосоо гарсаныг та л хамгийн сайн мэднэ. Тиймд та өөрт эх орондоо тохиолдсон бүх зүйл, та буцах ёстой болбол юу тохиолдоно гэж бодож байгаагаа ярих нь чухал. Та өөрийн эх орон дахь нөхцөл байдлаас гадна чухам танд юу тохиолдсон тухай ярих ёстой.

Та тухайн үед эх орноосоо яагаад гарах болсон тухай бүхий л хүчин зүйлийг мэдэж байж Цагаачлалын алба таны шалтгааны талаар зөв дүгнэлт хийж чадна. Асуудал хариуцсан ажилтан асуулт асууж, таны өргөдөлд чухал зүйлийг олох маягаар танд үүн дээр тусална.

Хэрэв танд өөрийн түүхийг нотлох баримт бичиг эсвэл өөр зүйл бий бол, та орогнолын ярилцлага дээрээ тэдгээрийг авч ирэх хэрэгтэй. Цагаачлалын алба шаардлагатай бол материалыг орчуулна.

Ярихад хэцүү зүйлс

Зарим зүйлийг ярихад хэцүү байдаг, гэвч ийм байх тусам тэдгээрийг ярих нь чухал байж болно. Асуудал хариуцсан ажилтан нууц хадгалах үүрэгтэй ба таны хэлсэн зүйлийг зөвхөн таны өргөдөлтэй л ажиллах өөр хүнд ярих эрхтэй. Орчуулагч асуудал хариуцсан ажилтантай адил нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв танд шаардлагатай бол орогнолын ярилцлагын үеэр завсарлага хүсч болно.

Хэрэв та асуудал хариуцсан ажилтанг заавал эмэгтэй эсвэл заавал эрэгтэй байлгахыг хүсч байвал, энэ тухай ярилцлагаас өмнө урьдчилан хэлэх хэрэгтэй.

Эрх зүйн туслалцаа

Орогнол хүсэгч ихэнх хүмүүс улсын өмгөөлөгч авах эрхтэй. Хэрэв та улсын өмгөөлөгч авах эрхтэй бол Цагаачлалын алба танд мэргэжлийн хуульч гаргаж, тус хуульч нь таны ашиг сонирхолыг хамгаалж, Цагаачлалын алба таны өргөдлийг авч үзэх хугацаанд танд хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ.

Цагаачлалын алба өмгөөлөгчийг томилж, ажлын хөлсийн төлбөрийг хариуцна, гэхдээ тус өмгөөлөгч нь Цагаачлалын алба болон бусад байгууллагуудаас үл хамаарч, бие даан ажиллана. Та тодорхой нэгэн өмгөөлөгчийг санал болгох, эсвэл эрэгтэй, эмэгтэй өмгөөлөгчийн аль нэгийг хүсч болно. Энэ тохиолдолд та ярилцлагаас өмнө урьдчилж хэлээрэй. Хэрэв та улсын буюу Цагаачлалын албын зардлыг нь төлөх өмгөөлөгч авах эрхгүй бол, та өөрөө өмгөөлөгч авч зардлыг нь төлж болно.

Орчуулагчийн ажил ба үүрэг

Цагаачлалын албатай хийх олон удаагийн уулзалтад тэнд хэлсэн юмыг орчуулах орчуулагч оролцоно. Заримдаа орчуулагч өрөөнд сууж, заримдаа утсаар эсвэл дэлгэцээр оролцоно. Та ярихдаа завсарлага авч, орчуулагчид өөрийн хэлснийг хэлж амжих боломж өгөх хэрэгтэй. Та орчуулагчийг ярьж дууссаны дараа өөрийн яриаг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Орчуулагч нар зарим тодорхой дүрмийг баримтлах үүрэгтэй. Орчуулагч орчуулж эхлэхийн өмнө талуудад өөрийн үүрэг роль, нууцлалын үүрэг, өрөөнд хэлэгдсэн бүгдийг орчуулах үүрэгтэйгээ мэдэгдэнэ. Орчуулагч хэлсэн бүхнийг орчуулах ёстой, тэр нэмэх эсвэл хасаж болохгүй. Орчуулагч төвийг сахих ёстой, өөрөөр хэлбэл тэр улс төр, шашин шүтлэг, эсвэл өөр зүйлийн талаар санал бодлоо илэрхийлж болохгүй. Орчуулагч хэлбэрэхгүй байх ёстой. Энэ нь орчуулагч ярианд оролцох, хэн нэгэнд нь туслахыг оролдох, аль нэг талыг дэмжиж байгаагаа харуулахгүй гэсэн үг юм.

Та орчуулагчийг ойлгохгүй эсвэл ямар нэгэн өөр шалтгаанаар түүнтэй тав тухтай байж чадахгүй бол энэ тухай хэлэх нь маш чухал. Та уулзалтыг зогсоож, өөр орчуулагч хүсч болно. Мөн та заавал эрэгтэй эсвэл заавал эмэгтэй орчуулагч авна гэж хүсч байгаа бол урьдчилан хэлээрэй.

Шийдвэр

Та оршин суух зөвшөөрөл авбал

Та оршин суух зөвшөөрөл авбал Шведэд амьдарч, ажиллах эрхтэй. Та оршин суух зөвшөөрөл авсныхаа дараа Татварын албанд очиж өөрийгөө хүн амын бүртгэлд бүртгүүлэх, хувийн дугаар авах хэрэгтэй. Цагаачлалын алба танд таны оршин суух зөвшөөрлийн баталгаа болгож оршин суух зөвшөөрлийн карт өгнө. Картыг таны Хүлээн авах нэгж рүү илгээнэ.

Байнгын эсвэл хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл

Шведэд орогнол хүссэн хүнд олгох хамгийн түгээмэл оршин суух зөвшөөрөл нь хугацааны хязгаартай байдаг бөгөөд тэр нь нэг эсвэл гурван жилийн хугацаатай.

2016 оны 7-р сарын 20-ноос өмнө дүрвэгч, дэд ангиллын хамгаалал шаардлагатай эсвэл бусад хамгаалал шаардлагатай хүнд тооцогдож оршин суух зөвшөөрөл авсан хүн ихэвчлэн байнгын оршин суух зөвшөөрөл авсан.

2016 оны 7-р сарын 20-нд Швед улс шинэ хууль нэвтрүүлсэн. Шинэ хуулийн дагуу дүрвэгчээр тооцогдож, энэ тухай шийдвэрийг 2016 оны 7-р сарын 20-ноос хойш авах хүн 3 жилийн хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл авна.

Дэд ангиллын хамгаалал шаардлагатай хүнд тооцогдож, энэ тухай шийдвэрийг 2016 оны 7-р сарын 20-ноос хойш авах бол 13 сарын хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл авна.

Бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа 17-24 насны хүнд зарим нөхцөл бүрдсэн тохиолдолд сургуулиа дуусгахын тулд арай урт оршин суух зөвшөөрөл өгнө.

Хүүхэд болон хүүхэдтэй гэр бүл хэрвээ 2015 оны 11-р сарын 24-нөөс өмнө орогнол хүссэн бөгөөд, тус хүүхдүүд шийдвэр гаргах мөчид 18-аас доош настай бол байнгын оршин суух зөвшөөрөл авах боломж хэвээрээ байна.

Гэр бүл дахин нэгдэх хязгаарлагдмал боломж

Дүрвэгчийн статус авсан хүн гэр бүлтэйгээ дахин нэгдэх боломж олгогдоно.

Дэд ангиллын хамгааллын статус авч, 2015 оны 11-р сарын 24-нөөс өмнө орогнол хүссэн хүн гэр бүлтэйгээ дахин нэгдэх боломжтой. Харин дэд ангиллын хамгааллын статус авч, 2015 оны 11-р сарын 24-нөөс хойш орогнолын өргөдөл гаргасан хүн зөвхөн онцгой тохиолдолд гэр бүлтэйгээ дахин нэгдэх боломжтой.

Зөвшөөрөл сунгах

Таны хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл дуусвал та сунгах өргөдөл гаргаж болно. Та өөрийн хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрлийг дуусахаас өмнө өргөдөл гаргах нь чухал, гэхдээ гурван сарын өмнөөс хойш тэгэх ёстой.

Хэрэв танд хамгаалал шаардлагатай хэвээрээ бол та сунгасан зөвшөөрөл авах боломжтой. Хэрэв та ажилтай байгаа эсвэл өөрийн бизнесээр дамжуулан өөрөө өөрийгөө тэжээж чадна гэдгээ харуулбал байнгын оршин суух зөвшөөрөл авах боломж мөн бий. Бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа 17-24 насны хүн зарим тохиолдолд арай урт хугацаатай оршин суух зөвшөөрөл авах боломжтой.

Та татгалзсан хариу авбал

Та өргөдөлдөө татгалзсан хариу авбал Цагаачлалын алба таныг Шведэд үлдэх хангалттай шалтгаангүй гэж дүгнэсэн гэсэн үг юм. Та өргөдөлдөө татгалзсан хариу авбал танд хоёр сонголт байна: нэгд, та шийдвэрийг хүлээн зөвшөөрч эх орондоо буцах, хоёрт, даван заалдаг.

Та орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авахад, буцаах эсвэл албадан гаргах шийдвэрийн аль нэгийг авна. Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ихэвчлэн дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв та энэ хугацааг дуусаагүй байхад Шведэд буцаж ирвэл, таныг дахиад буцаах эсвэл албадан гаргана. Энэ тохиолдолд та асуудлаа шинээр шийдүүлэх эсвэл Цагаачлалын албаас дэмжлэг авах эрхгүй.

Байр болон эдийн засгийн дэмжлэг зогсоно

Орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авсан та эдийн засгийн дэмжлэг үргэлжлүүлж авах эрхгүй. Энэ нь насанд хүрэгч хүн 18-аас доош насны хүүхэдтэй хамт амьдарч, асран хамгаалагч нь биш тохиолдолд хамаатай. Эдийн засгийн дэмжлэг гэдэг нь жишээлбэл өдрийн тэтгэлэг болон Цагаачлалын албын байрыг хэлнэ. Таны дэмжлэг авах эрх буцаах эсвэл албадан гаргах шийдвэр хүчин төгөлдөр болж, дахин даван заалдах боломжгүй болох эсвэл та сайн дураар улсаас гарах сүүлийн хугацаа дууссаны дараа зогсоно. Та энэ үед Шведээс явах ёстой.

Хэрэв та даван заалдахыг хүсч байвал

Та даван заалдахыг сонговол та шүүхийг тус шийдвэрийг авч үзэхийг хүсч байна гэсэн үг юм. Та даван заалдах өргөдлөө Цагаачлалын албанд илгээх ёстой. Даван заалдах өргөдлийг шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө буюу та шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш гурван долоо хоногийн дотор Цагаачлалын албанд ирүүлэх ёстой. Хэрэв та өмгөөлөгчтэй бол тэр танд туслаж болно.

Цагаачлалын алба таны даван заалдах өргөдөлтэй танилцаж, шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ. Хэрэв Цагаачлалын алба шийдвэрээ өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл, даван заалдах өргөдлийг Цагаачлалын шүүхэд дамжуулна. Хэрэв та Цагаачлалын шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол Цагаачлалын дээд шүүхэд өөрийн асуудлыг авч үзэх хүсэлт гаргаж болно.

Цагаачлалын дээд шүүх нь зөвхөн ирээдүйд гаргах шийдвэрүүдэд удирдамж өгөх ач холбогдолтой, зарчмын хувьд чухал хэргийг авч үздэг. Хэрэв Цагаачлалын дээд шүүх таны даван заалдах өргөдлийг авч үзэхгүй гэсэн хариу өгвөл, шийдвэр шууд хүчин төгөлдөр болно.

Хэрэв та санаагаа өөрчилж, даван заалдахаа болих хүсэлтэй бол, татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа Цагаачлалын албанд мэдэгдэж болно. Энэ тохиолдолд шүүх таны даван заалдах өргөдлийг хүчингүй болгоно, өөрөөр хэлбэл, авч үзэхгүй.

Буцах

Таны өргөдлийн татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш танд Шведээс сайн дураар явах тодорхой хугацаа өгнө. Шийдвэрт таныг тус улсаас явахад хичнээн хугацаа өгч байгааг хэлсэн байх ба хугацаандаа багтаж улсаас явахыг та өөрөө хариуцна. Та эх орондоо эсвэл таны амьдрах эрхтэй өөр улсад буцахад Цагаачлалын албаас дэмжлэг авч болно. Цагаачлалын алба таныг жишээлбэл эх орондоо холбоо барих хүмүүстэй холбох эсвэл таны аяллыг захиалах маягаар туслана.

Зарим хүмүүс бас эх орондоо эргэн зохицоход нэмэр болох эдийн засгийн дэмжлэг авах боломжтой, мөн зарим хүмүүс эрх зүйн туслалцаа эсвэл эх орондоо хөдөлмөрийн зах зээлд орох туслалцаа зэрэг эргэн нийгэмших дэмжлэг авах боломжтой. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсч байвал эргэн дасан зохицох дэмжлэг гэдэг зүйлийн тухай асуудал хариуцсан ажилтнаас асуугаарай.

Дахин нэвтрэх хориг

Хэрэв та шийдвэрт заасан хугацаанд багтаж улсаас яваагүй бол танд дахин нэвтрэх хориг тавих магадлалтай. Энэ нөхцөлд та Шенгений бүс, Болгар, Румынд нэг жилийн хугацаанд дахин нэвтрэх эрхгүй болно. Та хэзээ улсаас явах ёстойгоо өөрөө мэдэх нь чухал.

Хэрэв Цагаачлалын алба таныг сайн дураараа буцахгүй гэж үзвэл танд дахин нэвтрэх хориг тавих магадлалтай.

Хэрэв танд хойшлуулашгүй хэрэгжүүлэх буцаах шийдвэр гаргасан бол танд дахин нэвтрэх хориг бас тавигдана.

Хэрэв та хамтарч ажиллахгүй бол

Цагаачлалын алба таныг эх орондоо буцахад хамтран ажиллахгүй байна гэж дүгнэвэл таны өдрийн тэтгэлгийг хасах магадлалтай. Цагаачлалын алба үүнээс гадна таныг хяналтан доор байлгах эсвэл хорьж болно. Хяналт гэдэг нь та тодорхой цаг, газар дээр тогтмол очиж бүртгүүлэхийг хэлнэ. Та мөн паспорт эсвэл өөр бичиг баримтыг хүлээлгэж өгөх ёстой болж магадгүй. Хорих гэдэг нь таныг цоожтой байгууламжид байрлуулж, таныг тэндээс явуулахгүй гэсэн үг юм.

Хэрэв Цагаачлалын алба таныг буцаах эсвэл албадан гаргахыг (таны хамтарч ажиллахгүйгээс болж) биелүүлэх боломжгүй гэж үзвэл, цагдаагийн байгууллага таныг улсаас гаргах үүргийг хариуцна. Цагдаагийн байгууллага таныг эрэн сурвалжлах ба хайх эрхтэй ба таныг улсаас гаргахын тулд хүч хэрэглэх эрхтэй.

Шинэ мэдээлэл

Таны эцсийн татгалзсан шийдвэр гарсны дараа ямар нэгэн шинэ мэдээлэл гарч ирвэл, Цагаачлалын алба тус шинэ мэдээлэл нь таныг албадан гаргах боломжгүй болгож байгаа эсэхийг судлана. Энэ нь жишээ нь таны эх орон дахь нөхцөл байдал хүнд болсон эсвэл та хүндээр өвчилсөн гэх мэт шинэ мэдээ байж болно. Цагаачлалын алба үүнийг өөрийн санаачлагаар эсвэл таныг Цагаачлалын албанаас хүссэний дараа авч үзнэ.

Та илүү ихийг мэдэхийг хүсч байвал

Таныг Цагаачлалын алба хэд хэдэн уулзалтанд дуудаж, таны хүлээх хугацаандаа мэдэх шаардлагатай чухал зүйлийн талаар мэдээлэл өгнө.

Хүлээн авах нэгж дээрх асуудал хариуцсан ажилтан жишээ нь байр, эдийн засаг, эмнэлгийн үйлчилгээ эсвэл хүүхдийн сургуулийн асуудлаар танд ямар дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлнэ.

Өргөдөл гаргах нэгж дээр таны орогнолын өргөдлийг бүртгэсний дараа, хүлээн авах нэгж таныг бүртгэнэ. Хүлээн авах нэгж таныг бүлэг мэдээллийн уулзалтад дуудаж, таны байрлаж буй орон нутагт хамаатай асуудлаар мэдээлэл өгнө.

Хүлээн авах нэгжид таны асуудлаар шинэ мэдээлэл байвал таныг уулзалтад дуудна. Таны шийдвэр гарсны дараа асуудал хариуцсан ажилтан шийдвэр таны хувьд ямар ач холбогдолтой болон та юу хийх ёстойг тайлбарлана.

Хэрэв танд асуулт байвал та хүлээн авах нэгжид хандах эсвэл харилцагчийн үйлчилгээний 0771-235 235 дугаар руу залгаж болно. Харилцагчийн үйлчилгээний утасны цаг: Даваа–Баасан, 08.00–16.00.

Та мөн http://www.migrationsverket.se/asyl дээр илүү ихийг уншиж болно.

http://www.informationsverige.seexternal link, opens in new window дээр Шведийн нийгмийн талаар илүү ихийг уншиж болно.

Хэрэв та цагдаа, түргэн тусламж, гал түймрийн албатай яаралтай холбогдох бол 112 дугаар руу залгаарай.

Хэрэв та яаралтай биш асуудлаар цагдаагийн байгууллагатай ярихыг хүсч байвал 114 14 дугаар руу залгаарай.

Хэрэв танд эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний талаар асуух зүйл байвал 1177 дугаар руу залгаарай.


Эх сурвалж: Migrationsverket.se