Оройн мэнд!
Корона хэмээх хачин гоё нэртэй вирус бидний амьдралыг самарч байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Хамгийн хэцүү нь энэ тархалт нь эхэн үедээ явж байна уу? Дунд үедээ, цаашлаад дуусах шатандаа явж байна уу гэдгийг нь мэдэж чадахгүй байгаа нь үнэхээр зовлонтой. Энэ вирусыг авчихгүй юмсан, авсан ч даваад гарах юмсан гэж санаа зовоод өнгөрөхөөс гадна ажилдаа, хувийн болон амьдарч буй улсынхаа эдийн засагт зовниж буй зовлон нь улам ир дарамттай.
Швед улсад л гэхэд яг одоогийн байдлаар албан ёсоор бүртгэгдсэн болон бүртгэлийн шатандаа явж байгааг тооцвол 20000 гаруй хүн ажлаасаа халагдаад байна. Энэ тоо цаашдаа ч өсөх нь тодорхой. Швед улсын хөдөлмөрийн яамны сайд Ева Нүрдмарк хэлэхдээ түүхэнд бичигдэн үлдэхээр их ажилгүйдэл үүсэхэд ойрхон байгаа тухай хэлсэн. Гэхдээ Шведийн засгийн газар дорвитой арга хэмжээнүүдийг авсны ачаар 1,7 сая гаруй ажилтай нь үлдээх боломжтой болоод байгаа нь сайшаалтай.
Ажлаасаа халагдаж байгаа 20000 гаруй хүмүүсийн 56% нь Стокхольмд байгаа бөгөөд эдний ихэнх нь рэсторан болон зочид буудлын ажилчид байгаа. Харамсалтай нь манай Монголчуудын хамгийн их ажилладаг газрууд...

Ямартай ч зарим нэгэнд нь тус болох болов уу гээд бичсэн мэдээнүүдээсээ түүвэрлэн энэ үед ямар арга хэмжээнүүд авч болох талаар бичье!

Permittering буюу засгийн газраас гаргасан тал цалинг нь улсаас өгөх хөтөлбөрт хамрагдах.
Засгийн газраас Корона вирусээс үүдсэн нөхцөл байдлаас болж албан байгууллагуудад ажилчдынх нь 53 хүртэлх хувийн цалинг олгож ажлын байрыг нь аврах хөтөлбөр гаргасан. Хэрэв танай байгууллага энэ хөтөлбөрт хамрагдсан бол та цалингийнхаа 95 хүртэлх хувийг авч байх боломжтой болох юм. Тус хөтөлбөр нь ажил олгогчдын ажилчиддаа гаргах зардлыг 40 хүртэлх хувь хэмнэх ба үүний дараагаар гарсан татвар төлөлтөө хойшлуулах болон НӨАТ-ийн хөнгөлөлт болон ажил олгошчийн хураамж зэрэгтэй хавсарвал танай ажил олгочийн нуруун дээрх ачааг нимгэлж өгч чадах юм. Иймээс та өөрийн чадлаараа албан байгууллагаа энэ хөтөлбөрт хамруулахыг хичээх болон энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн дунд орж үлдэхийг зорьж чадвал та өөрийн ажлын байр болон цалингаа авч үлдэж чадна гэсэн үг юм.

Föräldrapenning
Хэрэв та хүүхэдтэй, хүүхдэд тань Föräldrapenning буюу хүүхдээ асрах өдрүүд үлдсэн байгаа бол энийгээ одоо л хэрэглэдэг цаг. Байр хоолны мөнгөнд нэмэр болохоос гадна дараагийн ажил олдтол танай гэр бүлийн эдийн засагт тус болж чадна. Försäkringskassan буюу нийгмийн даатгалын сайтруу орж өөрийн Personnummer-аар нэвтэрснээр та хүүхэд асрах өдрүүд үлдсэн эсэхийг мэдэх боломжтой. Мөн энэ өдрүүдээ хэрэглэх хүсэлтээ тус сайтад бөглөх болно. Энэ тухай дэлгэрэнгүй бичсэн мэдээлэл энэ сайтад байгаа

A-kassa болон Alfa kassa
Хэрэв та ажлаасаа гэнэт халагдсан, чөлөөлөгдсөн бөгөөд A-kassa буюу гэнэтийн ажилгүйдлийн тэтгэмжийн хураамжийг сүүлийн 12 сар болон түүнээс дээш хугацаагаар төлсөн бол та өөрийн үйлдвэрчний эвлэлд хандан цалингийнхаа 80 хүртэлх хувийг дараагийн ажлаа олтлоо юмуу жил хүртэлх хугацаанд авах боломжтой юм.
Харин та a-kassa төлөөгүй байсан бол alfakassan-д хандаж таны цалингийн хэмжээ болон ажилласан цагаас хамаарч дээд тал нь өдрийн 365крон хүртэлх тэтгэмжийг авах боллмжтой.

Sjukanmäla, VAB
Та ажил хийж байгаа гэвч өвчтэй байгаа бол Sjukpenning буюу өвчтэй байгаа үеийн цалинг 21 хүртэлх хоногоор эмчийн бичиггүйгээр авах боллмжтой. Энэ нь мөн таны цалингийн 80 хувиар бодогдож олгогдоно.
VAB- буюу Vård av barn нь хүүхэд нь өвчтэй юм уу сургууль цэцэрлэгт явж чадахгүй байгаа үед олгодог тэтгэмж юм. Энэ нь мөн цалингийн 80 хувиар бодлгдож олгогдоно. Харамсалтай нь энэ нь ажилгүй хүмүүс авах боломжгүй ба хэрэв та ажилгүйдлийн тэтгэмж авч буй бол тэрнийгээ түр зогсоон энэ тэтгэмжийг авч болно.

Шинэ ажил олох.
Мэдээж боломжгүй сонсогдож байгаа байх. Гэхдээ л Шведэд онгоцноос буух хүртэл энд ирэх нь боломжгүй байсан, хугацаагүй виз цагаачлалаар авах хүртэл тэрийг авна гэдэг бол үлгэр байсан, Бээжингийн элчинд очиж хурууны хээгээ өгөх хүртэл ажлын гэрээ авах нь бүрхэг байсан. Гэхдээ л бид ирсэн, авсан, чадсан. Дахиад эхлэхэд асуудал байхгүй. Хэцүү сонсогдож байгааг мэдэж байнаа, би ойлгож байна. Гэхдээ өөрсдийнхөө төлөө гүй, ирээдүйнхээ төлөө миний болон өөр бусдын оруулж байгаа мэдээллийг унш, үр хүүхдүүдийнхээ төлөө дахиад нэг зүтгээд үз!
Хэн нэгэн тусдах байх гэж битгий хүлээ, тусламжаа өөрөө эрж хай. Цагаачын байгууллага хууль дүрмээ өөрчлөх байх гэж битгий найдаж суу, хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг л зүтгэ! Үнэхээр ирээдүйд тэд барьж ажидлаж буй дүрэм журмаа өөрчилвөл сайн л биз. Гэхдээ яах гэж дэмий юм харж юу ч хийлгүй суувдаа гэж харамсах зүйл битгий хий.
Та бүхэндээ чин сэтгэлээсээ амжилт хүсье!


Эх сурвалж: Bilguun Mn