Швед Улсад хууль ёсны бүртгэлгүй болон цагаачлал хүссэн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн авах тухай зөвлөмж

Швед Улсад хууль ёсны бүртгэлгүй, цагаачлал хүссэн гадаадын иргэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн болон шүдний эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой. Харин 18-аас доош насны хүүхэд өөрийн амьдарч буй дүүргийн бусад хүүхэдтэй нэгэн адил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ижил тэгш авах эрхтэй.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэрхэн авах вэ?

Та өөрийн амьдарч буй дүүрэг, ажлын газраас шалтгаалан хэвтэж эмчлүүлэхээс бусад тохиолдолд шведийн аль ч хэсгийн эмнэлгээс (vårdcentral) эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. Танд эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд өөрт ойр хэсгийн эмнэлэг (vårdcentral)-т хандаж, хүлээн авагчийн зааврын дагуу эмч, сувилагчтай уулзаж, өөрт байгаа зовиураа тодорхой хэлэх хэрэгтэй.
Хэсгийн эмч таныг үзэж, нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмчийн бичиг буюу (remiss) бичиж өгнө. Эмчийн бичигт таны зовиур, өвчний түүхийг хавсаргасан байх бөгөөд хүлээн авагч Таныг хэзээ, хаана үзүүлэхийг хэлж өгнө.

Хэсгийн эмчид үзүүлэхэд танд эмчийн бичиг хэрэггүй.
Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй тохиолдолд Та эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт (akutmottagning) эмчийн бичиггүйгээр хандаж болно. Эмнэлгийн албан хаагчид таны нөхцөл байдлыг шинжилж, яаралтай тусламж шаардлагатай эсэхийг шийдвэрлэдэг.

Эмнэлэгийн үйлчилгээ: Та эмнэлгээс дараахь үйлчилгээг авах боломжтой. Үүнд:- Эрүүл мэндийн үйлчилгээ
- Хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ
- Жирэмсний үзлэг
- Өсвөр насныхны үзлэг, зөвлөгөө
- Арьс болон бусад тусгай үзлэг. Зарим тусгай үзлэг, үйлчилгээнд эмчийн бичиг шаарддаг.

Өвчний түүх (med min journal) : Хэрэв та өөрийн үзүүлдгээс өөр эмнэлэг эсхүл нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол өөрийн өвчний түүхийг үзэх зөвшөөрлийг шинээр очиж буй эмнэлгийн ажилтнуудад өгөх шаардлагатай. Энэ тухайгаа тухайн эмнэлгийн хүлээн авагчид мэдэгдэж, ярилцах хэрэгтэй.

Эмнэлгийн үйлчилгээ авах баталгаа (Vårdgaranti): Энэ нь таныг эмнэлгийн үзлэг, эмчилгээнд хэдий хугацааны дараа хамруулахыг тодорхойлсон бичиг юм (Эмнэлгийн цаг авахтай ойролцоо). Энэхүү баталгаа нь дүүрэг бүрт өөр байдаг тул үзүүлэх гэж буй эмнэлгийн хүлээн авагчаас сайтар асууж, зөвлөх нь зүйтэй.
Эмнэлгийн үйлчилгээг хэр хурдан хугацаанд үзүүлэх нь тухайн хүний биеийн байдлаас шалтгаалдаг бөгөөд яаралтай үзлэг, эмчилгээ шаардлагатай хүнийг тэргүүн ээлжинд үздэг.
Эмнэлгийн баталгаа нь дараахь тохиолдолд хамаарахгүй. Үүнд:- Давтан үзүүлэх
- Эмчийн хяналтад удаан хугацаанд байх шаардлагтай тохиолдолд
- Рентген зураг авахуулах болон шинжилгээ өгөх тохиолдолд
- Сонсголын аппаратаас бусад эм эмнэлгийн хэрэгсэл авах тохиолдолд
- Улсаас төсөв авдаггүй хувийн эмнэлгээр үйлчлүүлэх тохиолдолд

Lma- карт
Цагаачлал хүссэн иргэн эмнэлэгт үзүүлэх, үйлчилгээ авахдаа Lma картаа үзүүлэх бөгөөд байхгүй тохиолдолд цагаачлал хүссэн албанаасаа олгосон баримтыг үзүүлэх боломжтой. Lma – гэдэг нь цагаачлал хүлээн авах хуулийн дагуу гэсэн үгсийн товчлол бөгөөд цагаачлал хүсэх үед цагаачлалын албанаас олгодог.
Анх удаа эмнэлгийн тусламж хүсэх үед танд түр дугаар (reservationsnummer) олгох бөгөөд уг дугаарыг дахин эмнэлгийн тусламж авах үед хэрэглэдэг тул хаяж, үрэгдүүлэхгүй байх шаардлагатай. Таны овог нэр, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгэж авах бөгөөд түр дугаараа гээсэн тохиолдолд тэдгээр мэдээллийн дагуу шүүж олох боломжтой.

Орчуулагч авах эрх
Швед хэл мэдэхгүй гадаадын иргэд өөрийн үзүүлж буй эмнэлгийн байгууллагаас орчуулагч хүсэх боломжтой бөгөөд энэхүү үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг. Орчуулгын үйлчилгээг биеэр болон утсаар үзүүлж болно.
Та эмнэлгийн байгууллагад энэ талаараа мэдэгдсэнээр орчуулагч захиалах боломжтой /орчуулагчийн үйлчилгээг мөн утсаар авах боломжтой/
Эмнэлгийн албан хаагчид тус хүнд орчуулагч хэрэгтэй эсэх дүгнэлтийг гаргадаг бөгөөд таны хүсэлтээр дохионы хэлээр үйлчлэх боломжтой. Та өөрийн сонголтоор орчуулагчаа авчирсан тохиолдолд эмнэлгийн зүгээс орчуулгын үйлчилгээний төлбөрийг төлөх боломжгүй.
Эмнэлгийн албан хаагчид болон орчуулагч нь таны хувийн мэдээлэл, нууцыг чандлан хадгалах үүрэгтэй байдаг.

Насанд хүрсэн иргэн эмнэлгийн үйлчилгээ авах үнийн тариф
Хууль ёсны бүртгэлгүй, цагаачлал хүссэн18 болон түүнээс дээш насны гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тариф нь харилцан адилгүй боловч ерөнхийдөө дараахь хэмжээг баримталдаг байна. Үүнд: - Хэсгийн эмнэлгийн эмчийн үзлэгт ороход дээд тал нь 50 крон.
- Эмчийн бичгийн дагуу нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдахад 50 крон
- Эмчийн бичгийн дагуу нарийн мэргэжлийн эмч, сувилагчаас сэтгэлзүйн зөвлөгөө авах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд тус бүр дээд тал 25 крон
- Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бол ор хоногийн төлбөр 1 хоногт 100 крон
- Жорын дагуу эм авахад дээд тал нь 50 крон
- Эмэгтэйчүүдийн эмнэлгээс зөвлөгөө авах, жирэмсний үед эмэнэлгийн туслалцаа авах болон төрөх үед эмчийн туслалцаа авахад үнэ төлбөргүй
- Шүдний эмчид үзүүлэхэд 50 крон /Шүдний эмнэлэг нь Folktandvården эсвэл хороо/дүүргээс зөвшөөрөлтэй эмнэлэг байх шаардлагатай/
- Яаралтай шүдний эмчийн туслалцаа авах шаардлагатай тохиолдолд 50 крон
- Халдварт өвчний үед эмнэлгийн тусламж авахад үнэ төлбөргүй.
- Lma карттай иргэн эмчийн бичсэн жороор авсан эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр 6 сарын хугацаанд högkostnadsskydd тогтоомжийн дээд хэмжээнд хүрсэн тохиолдолд илүү гарсан төлбөрийн дүнг цагаачлалын албанаас нэхэмжлэх боломжтой. /Хууль ёсны бүртгэлгүй иргэд нөхөн олговор хүсэх боломжгүй/

18-аас доош насны иргэдэд дараахь эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд:- Өсвөр насныхныг хүлээн авах төв (ungdomsmottagning)
- Хэсгийн эмнэлэг (sjukhus)
- Нэгдсэн эмнэлэг (vårdcentral)
- Шүдний эмнэлэг

/Яаралтай тусламжийн тасгууд нь аль дүүрэгт харьяалагддагаас хамааран төлбөртэй байх тохиолдол бий/

Анхаарах зүйлс:- Хууль ёсны бүртгэлгүй оршин сууж буй иргэд аль болох улсын нэгдсэн эмнэлэгт хандах хэрэгтэй.
- Эмнэлгийн тусламжийн тариф нь хороо, дүүрэг тус бүрээр харилцан адилгүй тул тухайн эмнэлгийн хүлээн авагчаас сайтар асуух нь зүйтэй.
- Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх тохиолдолд хэсгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх эмнэлгийн бичиг аваагүй тохиолдолд иргэд ердийн үеийнхээс өндөр төлбөр төлөх шаардлага үүсч болзошгүй.

Швед Улсад хууль ёсны бүртгэлгүй оршин сууж буй иргэдийг яаралтай тохиолдолд дараахь эмнэлэгт хандахыг тус улсын Нийтийн эрүүл мэндийн агентлагаас зөвлөдөг байна. Үүнд:- Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлгүүд (Svenska Röda Korset)

Мэдээлэл авах линк: https://www.rodakorset.se/en/get-help/care-for-undocumented-immigrants/

Холбоо барих:

Утсаар зөвлөгөө мэдээлэл авах бол: 020 211 000 /Үнэ төлбөргүй/
Мессэжээр зөвлөгөө мэдээлэл авах бол: 0709 40 67 23

Хаяг: Hornsgatan 54, 118 91 Stockholm

Цагийн хуваарь: Даваа- Баасан 9:00-16:00 цаг.

Эх сурвалж: Шведийн эрүүл мэндийн https://www.1177.se/ цахим хуудас

Эх сурвалж: Элчин сайдын яам