Шинэ төрлийн корона вирусын халдварын тархалт Швед Улсад нийтийн хэмжээнд хүрч, олон аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагагаа түр болон бүрэн зогсоосноор тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэд тэр дундаа монгол иргэд ажлын байраа алдах эрсдэл, хүндрэл бодитоор учирч байгаа билээ.
Иймд монгол иргэддээ зориулан Шведэд хууль ёсны бүртгэлтэй иргэд ажлаас гэнэт халагдах тохиолдолд хаана, хэрхэн хандах, ямар тэтгэмж авах талаарх шведийн http://www.alfakassan.se/ цахим хуудсан дахь албан ёсны мэдээллийг орчуулан хүргүүлж байна.
Та хэрвээ ямар нэгэн А-кассын бүртгэлгүй, ажилдгүйдлын даатгалд хамрагдаагүй тохиолдолд Алфа кассанд (Alfa-kassa) хамрагдах боломжтой.
Алфа касснаас тэтгэмж авахын тулд нэн тэргүүнд Хөдөлмөрийн товчоонд онлайнаар бүртгүүлэх /arbetsförmedling/ шаардлагатай. Үүний дараа дараахь байдлаар тэтгэмж хүснэ. Үүнд:
- Онлайнаар тэтгэмжээ хүсэх
- Өмнөх ажлын газрын тодорхойлолт хавсаргах
- Ажилгүйдлийн цаг хоногийн бүртгэл эхлүүлэх
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бүрдүүлэх

Алфа кассанд хүсэлт гаргаснаас хойш нийт 11 долоо хоногийн дотор  хариу шийдвэр ирнэ.

Алфа кассанд дараахь иргэд хамрагдана. Үүнд:
- 6 сараас багагүй хугацаанд тасралтгүй ажил эрхэлсэн байх. Ингэхдээ долоо хоногт доод тал нь 17 цаг буюу өдөрт 3 цаг ажиллаж байсан байх
- Хөдөлмөрийн товчоонд (arbetsförmedling) ажилгүй болсноо бүртгүүлсэн байх
- Хөдөлмөр эрхлэх чадвартай, ажил хийх хүсэлтэй байх

Тэтгэмжийн хэмжээг дараахь үзүүлэлтүүдийг харгалзан  тооцож олгодог. Үүнд:
    - Ажилгүй болохоос өмнөх ажилласан цагийн хэмжээ
    - Ажилгүй болохоос өмнөх цалингийн хэмжээ
    - Долоо хоногийн хэдэн цаг хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа талаарх мэдээлэл
    - Долоо хоногийн хэдэн өдөр ажил хайсан талаарх мэдээлэл
    Тэтгэмж авах боломжит хугацаа
    - Тэтгэмж авах боломжит хугацаа нь 300 хоног бөгөөд 18-аас доош насны хүүхэдтэй бол нэмэлт 150 хоног буюу нийт 450 хоног болно.
    - 7 хоногийн 5 хоногт тэтгэмж олгох бөгөөд та хэрвээ хөдөлмөрийн товчооноос олгогдож буй ажил хайх програмд хамрагдсан тохиолдолд нийгмийн халамжийн төвөөс (försäkringskassan-aktivitetsstöd) тэтгэмж авах боломжтой.
    - Ажилгүй болсноос хойш эхний 6 хоногт тэтгэмж олгохгүй.
    Та Алфа касснаас тэтгэмж хүссэн тохиолдолд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд ажил олгогчтой болсон тохиолдолд үүнийгээ даруй мэдэгдэх шаардлагатайг анхаарна уу.

    Швед хэлнээс хөрвүүлсэн О.Энхнаран
    Эх сурвалж: www.alfakassan.se цахим хуудас

    Эх сурвалж: Элчин сайдын яам