Швед улсад 18 нас хүрснээр жолооны үнэмлэх авах эрхтэй болох бөгөөд үүний тулд “Жолооны үнэмлэх авах зөвшөөрөл” хүссэн өргөдлийг Тээврийн газарт гаргадаг байна. Энэхүү зөвшөөрлийг авснаар жолооны дадлага хийх болон шалгалтанд орох эрхтэй болно. Зөвшөөрөл нь 5 жилийн хүчинтэй хугацаатай олгогддог бөгөөд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

- Зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг шуудангаар эсхүл цахим хэлбэрээр гаргаж, төлбөрийг интернэтээр хийнэ.
- Тухайн өргөдөлд эрүүл мэндийн анкетыг бөглөн хавсаргах (шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тодорхойлолт), мөн харааны түвшинг зөвшөөрөгдсөн нүдний эмчээр шалгуулсан байх, зэрэг болно.

Түүнчлэн өөрийн хүсэлтээр жолооны сургуульд суралцахгүйгээр аль нэг хүний удирдлаган дор жолооны дадлага хийх боломжтой. Жолооны дадлагыг удирдан явуулах хүн анхан шатны танилцуулах хичээлд доод тал нь 3 цаг хамрагдаж, Тээврийн газраас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хувиараа жолооны дадлагыг удирдан явуулах хүн нь 24 болон түүнээс дээш настай, тухайн дадлага хийх машинд тохирсон ангиллын жолооны үнэмлэхтэй, 5-аас доошгүй жил жолоо барьсан байх ёстой бөгөөд тусгай зөвшөөрлийг авахын тулд Тээврийн газарт хүсэлт гаргана. Нэг хүн дээд тал нь 15 хүнд жолооны дадлага удирдан хийх эрхтэй. Өөрийн машинаар хувиараа дадлага хийх тохиолдолд ногоон дэвсгэр дээр цагаанаар бичсэн “Жолооны дадлага” гэсэн тэмдэглэгээ байрлуулах шаардлагатай бол жолооны сургуулийн автомашины ард улаан дэвсгэр дээр цагаанаар бичсэн тэмдэглэгээ хэрэглэдэг аж.

Швед улсын 18 нас хүрсэн иргэн болон тус улсад урт хугацаагаар оршин суух эрхтэй гадаадын иргэд Шведийн жолооны үнэмлэх авах боломжтой бөгөөд хальтиргаатай замд жолоодох практик дадлага хийх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис, ядаргаа гэх зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдлийн сургалтад хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Заавал хамрагдах шаардлагатай хоёр төрлийн эрсдлийн сургалт байдаг ажээ.

Шведийн жолооч бэлтгэх сургалтын тогтолцоонд дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр тусгай програм дээр авах ба сургалтын хувьд дүрмийн номын дагуу болон цахим дасгалын програм дээр бэлдэж болно. Уг програм нь жишээ асуултууд бүхий дүрмийн тайлбартай байна.

Жолооны болон дүрмийн шалгалт авах үйл явц нь манай улстай зарчмын хувьд адил бөгөөд доор дурдсан шатлалын дагуу явагдана.

1. Дүрмийн болон жолооны шалгалтад орохын өмнө Замын хөдөлгөөний газраас интернэтээр болон утсаар шалгалт өгөх өдөр, цагаа урьдчилан захиална. Цаг захиалгыг тухайн хүний суралцаж буй жолооны сургууль хийж өгч болно.

2. Нийт 70 асуулт бүхий (үүнээс 5 асуулт нь Тээврийн газраас дараа дараагийн дүрмийн шалгалтын асуултыг бэлтгэх зорилгоор загвар асуулт болгон оруулсан байдаг учир эдгээр 5 асуултад хэрхэн хариулсан байх нь шалгалтын эцсийн дүнд тооцогддоггүй) 50 минутын дүрмийн мэдлэг шалгах тест өгч, 65 асуултын 52-т нь буюу 80%-д зөв хариулснаар тэнцэнэ. Шалгалтыг зөвхөн тусгай програм дээр өгөх бөгөөд хугацаа дуусахаас 10 минутын өмнө дэлгэцэн дээр сануулга гарч ирнэ. Хугацаа дуусмагц програмчлалын дагуу оноог шууд мэдээллэдэг байна.

3. Жолооны шалгалтыг автомат хурдны хайрцаг бүхий автомашин дээр өгч болно. Ингэсэн тохиолдолд тухайн хүн зөвхөн автомат хурдны хайрцаг бүхий автомашин жолоодох эрхтэй болох бөгөөд үнэмлэх дээр нь тусгай тэмдэглэгээ хийгдэнэ.

4. Жолооны шалгалт нь тухайн шалгалт авах комиссоос томилогдсон зааварлагчийн зааврын дагуу явагдах ба нийт 45 минутын турш замын хөдөлгөөний нягтрал ихтэй замаар болон хотоос гаднах хөдөлгөөн сийрэг замаар явуулах, тэгш бус гадаргуугаас хөдлөх, зогсоолд тавих, тойрог тойрох гэх мэт олон төрлийн чадварыг харуулах үйлдлүүдийг хийлгэнэ.

5. Жолооны болон дүрмийн шалгалтыг хоёр сарын дотор өгч, тэнцсэн байх шаардлагатай. Заасан хугацаанд тэнцэж чадаагүй бол бүх шалгалтаа дахин шинээр өгөх шаардлагатай болно.


Бусад орны жолооны үнэмлэх

Европын Холбооны орнууд болон Швейцарь, Япон улсын иргэд өөрийн орны хүчинтэй жолооны үнэмлэхээр Шведэд машин барих эрхтэйгээс гадна жолооны үнэмлэхээ тус улсын жолооны үнэмлэхээр шууд солиулах боломжтой.

Бусад орны иргэдийн хувьд Швед улсад оршин суусан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд өөрийн орны хүчинтэй үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох эрхтэй боловч цаашид машин барих тохиолдолд Шведийн жолооны үнэмлэх авах шаардлагатай болно.


Жолооны сургалтын төлбөр

Шведэд жолооны сургалтын төлбөр харьцангуй өндөр нийт 15 000 орчим швед крон буюу 2150 ам.доллар. Үүнээс зайлшгүй төлөх шаардлагатай төлбөрийн хувьд 4000 орчим крон буюу 600 ам.доллар байдаг. Зайлшгүй төлөх төлбөр гэдэг нь:

- Зөвшөөрөл хүсэхэд 220 крон буюу 32 ам.доллар, (Дахин зөвшөөрөл авахад 1620 крон буюу 232 ам.доллар)
- Харааны түвшин тогтоолгох 100 крон буюу 15 ам.доллар
- Эрсдлийн сургалт № 1 700 крон буюу 100 ам.доллар
- Эрсдлийн сургалт №2 2000 крон буюу 287 ам.доллар
- Жолооны үнэмлэхний зураг авахуулах 80 крон буюу 12 ам.доллар (Тээврийн газарт шалгалтад орохын өмнө үнэмлэхний зургийг авдаг)
- Дүрмийн шалгалт 325 крон буюу 47 ам.доллар (18 цаг хүртэл), 400 крон буюу 57 ам.доллар (18 цагаас хойш)
- Жолооны шалгалт ангиллаас хамааран 800-2145 крон буюу 115-308 ам.доллар
- Үнэмлэхний үнэ 150 крон буюу 22 ам.доллар

Харин жолооны дадлага хийхэд тухайн сургалт явуулж буй сургуулиас хамааран харилцан адилгүй байх ба ойролцоогоор 3 удаа 30 минутын жолооны дадлага хийхэд 1000 орчим крон буюу 144 ам.доллар болдог ажээ.

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
СТОКГОЛЬМ ХОТ
2013 оны 11 дүгээр сарын 25

Эх сурвалж: Элчин сайдын яам